Чадварлаг ажилтан олж авахад туслах 8 арга

Байгууллагуудын хувьд чадварлаг ажилтан олж авна гэдэг амжилттай байхад нь нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. Гэхдээ тухайн ажил, үүрэгт яг тохирох чадвартай ажилтан олж авна гэдэг мэдээж амар биш байх нь ойлгомжтой. 

Технологи хөгжихийн хэрээр онлайнаар ажилтан олж авах боломж нэмэгдэж байгаа ч уламжлалт аргуудыг ч мөн чадварлаг ажилтан олж авахдаа ашиглаж байх хэрэгтэй. Хуучин болон шинэ аргуудыг хослуулснаар илүү чадварлаг ажилтан олж авах боломжийг нэмэгдүүлэх болно. 

Доор бид уламжлалт болон шинэ аргуудаас орууллаа:

1. Ажилтнуудаасаа хайх.

Айлаас эрэхээр авдраа ух. Тухайн ажлын байранд яг тохирох ажилтныг гаднаас хайхын оронд одоогийн ажилтнуудаасаа шинэ сорилт хайж байгаа, албан тушаал өсөх сонирхолтой нэгнийг сонгон томилох боломжтой. Энэ тохиолдолд тухайн ажилтан туршлагатай байж болох, түүний давуу талуудыг сайн мэдэхээс гадна мөн ажиллаж буй байгууллагаа сайн мэдэх учраас түүнийг шинээр сургах хэрэггүй байх зэрэг нь давуу тал болно. Нөгөө талаас үзвэл дотроосоо олж авах нь ажилтангаа өөр байгууллага руу алдахаас сэргийлэн байгууллагадаа үлдээх боломжтой болно. 

2. Сошиал медиа суваг ашиглах.

Сошиал медиа суваг нь ажилтан хайж байгаа тухай мэдээгээ олон хүнд хүргэхэд үр дүнтэй суваг болж байна. Энэхүү сувгийг ажлын байрын зар түгээхдээ ашиглах гэж байгаа бол сонирхож буй хүмүүсийн асуултанд дор дор нь хариу өгч байх тал дээр анхаарахаа мартаж болохгүй. 

Сошиал сувгаар ажилтан олж авахад анхаарах зүйлс:

Share хийхийг хүсэх. Тухайн зар дээрээ бусдад share хийхийг хүссэнээр олон хүн үзэх боломжтой болно. 

Соёлынхоо талаар сурталчлах. Танай байгууллагын соёлыг илэрхийлэх зураг, дүрс бичлэг зэргийг оруулахаас гадна тухайн ажлын байрынхаа ажил, үүргийн талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. 

Холбоо барих мэдээлэл. Холбоо барих утас болон имэйл хаягаа оруулан тухайн ажлын байртай холбоотой асуулт асуух, холбоо тогтоох боломжтой байлгах. 

3. Шинэ ажил хайж буй хүмүүсийг хамруулах.

Ажил хайж буй хүн нь танай салбарт туршлага дутмаг байна гэдэг нь сайн ажилтан болж чадахгүй гэсэн үг хараахан биш юм. Тухайн ажлын байр нь нарийн мэдлэг хэрэв шаардахгүй бол шинэхэн төгсөгчдийг болон ажлаа өөрчлөх сонирхолтой хүмүүсийг сонгож болно. Шинийг сурч мэдэхийг хүсдэг, мотивацтай хүмүүсийн хүчийг хэзээ ч битгий дутуу үнэлээрэй. Бүгдээрээ л ямар нэг цэгээс эхэлдэг шүү дээ. 

4. Ажилтнуудынхаа хүчийг ашиглах.

Хэрэв ажилтан хийж буй ажилдаа сэтгэл хангалуун бөгөөд дуртай бол найзууд болон танилууддаа ажлынхаа талаар болон нээлттэй ажлын байрны талаар мэдэгддэг. Мөн тэд төрөл бүрийн үйл ажиллагаан дээр сайн дураараа байгууллагаа төлөөлөн танилцуулдаг тул ажилтнууд нь энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой гол хүмүүс юм. Сайн ажилтан олоход тусласан хүнд шагнал, урамшуулалтай байхаар ажилтнуудаа төрөл бүрийн эвент, үйл ажилгаануудад томилон явуулж байх хэрэгтэй.

5. Дотоодын их, дээд сургуулиудаар явах.

Дотоодын их, дээд сургуулиудаар явж, сураглаж байх нь авьяастай ажилтан олж авах нэг сайн арга байх нь мэдээж. Их, дээд сургуулиудаас зохион байгуулдаг ажлын байртай холбоотой үйл ажиллагаанд оролцох, ангиудад байгууллагынхаа талаар танилцуулах цаг авч болохоос гадна багш нартай хамтарч ажиллаж болно. 

6. Ажлын байрын зараа олон хүмүүст хүргэх.

Ажилтан олж авахад анхаарах гол зүйл нь мэдээж хэрэгтэй хүмүүс нь таныг шинэ ажилтан хайж байна гэдгийг олж мэдэх явдал юм. Үүнд туслах хүчин зүйлс:

  • Ажилтан хайж буй тухай зар дахь гарчиг болох агуулгаа тодорхой байлгах. Ямар ажил, үүрэг бүхий ажлын байр болох тухайгаа тодорхой байлгах тусам зөв хүмүүстээ хүрнэ, сонирхлыг нь татна.
  • Дэлгэрэнгүй байлгах. Ажил горилогч нар тодорхой шалгуурын дагуу жагсаалт гарган сонголт хийдэг тул зар дээрээ байршил, дундаж цалин болон бусад хэрэгтэй мэдээллүүдийг оруулж өгвөл тэдний сонирхлыг илүү татах болно.

7. Нэмэлт боломж, урамшуулал, давуу талаа сурталчлах.

Өрсөлдөхүйц цалин, уян хатан ажлын цаг, чөлөө авах боломж, зайнаас ажиллах боломж, хоол, унааны мөнгө олгох гэх зэрэг хөнгөлөлтүүд байгаа бол тэднийгээ мэдэгдэхүйц сурталчлах. Ажил хайж буй хүмүүс иймэрхүү нэмэлт ямар боломжууд байгааг их сонирхдог бөгөөд энэ бүгд нь тэднийг анкет бөглөөд үзэх сонирхлыг төрүүлэх болно. Эдгээр мэдээллүүдийг зар дээрээ тодорхой оруулсан байвал зүгээр байдаг. 

8. Авьяастнууд хаа сайгүй байгаа.

Салбарын хурал, семинар гээд төрөл бүрийн үйл ажиллагаануудаас чадварлаг ажилтан олж авах боломж байгаа. Хэрэв та хажууд сууж буй хүнтэйгээ яриа нээж чадахгүй бол магадгүй ажил хайж байгаа эсэхийг нь мэдэж авч чадахгүй юм.

Та харилцагчийн үйлчилгээ хариуцсан ажилтан хайж байлаа гэхэд сайн үйлчилгээтэй газар хаана байдгийг мэддэг байх хэрэгтэй болно.     

Хэрэв та шинэ ажилтан хайж байгаа бол дээрх зөвлөгөөнүүд зөв хүнээ олоход тань туслана гэдэгт найдаж байна. Орчин үеийн хэрэгсэл болох сошиал медиа сувгийг идэвхтэй ашиглавал үр дүнтэй байхаас гадна их, дээд сургуулиудаас хайх, ажилтнуудаараа дамжуулж олж авах зэрэг уламжлалт аргуудыг ч орхилгүй зөв хослуулан зорилгодоо хүрэхэд тань туслах авьяастнуудыг олж эгнээндээ нэгтгэх боломжууд байна.