Менежментийн ур чадвараа нэмэгдүүлэх 10 арга

1. Компанийхаа алсын харааг тодорхойлох.

Өмнө нь чадварлаг ажилтнууд сайн хөлс авахын л төлөө ажилладаг байсан бол өнөө үед тэд компани юуны төлөө явж байна гэдэгт багагүй анхаарал хандуулах болсон.

Ажилтнуудаа сайн ажиллуулахын тулд компани оршин байгаагийн шалтгаанаа буюу алсын хараагаа маш тодорхой болгох хэрэгтэй. Танай компаний зорилго юу вэ? Бусдад ямар нөлөө үзүүлэхийг хүсэж байна вэ? Дэлхийг хэрхэн өөрчлөхийг хүсэж байна вэ? Эдгээр асуултуудад эхлээд хариулт өгөх хэрэгтэй. 

Алсын хараагаа аль болох товч бөгөөд тодорхой байлга. 

  • Ажилтнууддаа хурал хийн алсын хараагаа танилцуулах. 
  • Хурлын дараа ажилтнууддаа алсын хараагаа тайлбарласан имэйл илгээх. 
  • Алсын хараагаа бичээд ажилтнууд үргэлж харж байх газар байршуулах. 

2. Ажилтнуудад юу мотивац өгөх вэ?

Алсын хараагаа тодорхойлох нь сайн хэрэг. Гэхдээ ажилтнуудтайгаа сайн ойлголцохын тулд энэ нь хангалттай биш юм. Ажилтнууд тань юу хүсдэгийг та мэдэх үү? Тэдэнд юу гол мотивац өгдөг болохыг та мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол олж мэдэх хэрэгтэй. 

Ажилтнууд юу хүсэж байгааг олж мэдсэн үедээ тэдний хүсэл, сонирхол дээр үндэслэсэн чадваруудыг нь алсын хараа руугаа чиглүүлэх боломжтой болно.

Алсын хараагаа боломжуудтай холбоод ирэхээр ажилтнуудын хүчин чармайлт нь хүчтэй бөгөөд илүү утга учиртай болдог. 

  • Brainstorm /олон хувилбарууд дэвшүүлэх, хэлэлцэх/ болон ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулж байх. 
  • Чадвар болон хийх зүйлсийг нь хүсэл сонирхолтой нь холбож байх.
  • Ажилтнуудынхаа саналыг тогтмол авч байх. 
  • Тэднийг зорилгод хүрэхэд чухал нэг хэсэг гэдгийг нь мэдрүүлж байх. 

3. Нөлөөлөгчийн хүч буюу хувь хүний брэндинг.

Энэ нь таны талаар, танай багийнхны талаар болон танай компаний талаар бусад хүмүүс юу гэж төсөөлж, бодож байгаа байдал өөрөөр хэлбэл имиж юм. Сайн брэндингтэй байх нь бусдад нөлөөлөх хүч өндөртэй байна гэсэн үг. Хэрэв та хийж байгаа зүйлээ сайн хийдэг бол хүмүүс танд итгэх болно. 

Өөрийгөө нэг толинд хараад өөрийн имиж, бусдад төрүүлэхийг хүсэж буй сэтгэгдэл ямар байж болохыг бодоод нэг үзээрэй. Танай компани болон багийнхан тийм байж чадаж байна уу? Үүнийг илэрхийлсэн имиж бүрдүүлж чадаж байна уу? ажилтнууддаа үүнийгээ танилцуулсан уу?

  • Ажлын байран дахь хувцаслалт ямар байх талаар тодорхойлсон зүйл байгаа юу? 
  • Танай баг хэрэв бүтээлч байдлыг чухалчилдаг бол улаан, шар зэрэг өнгийг ашиглавал зүгээр. Итгэл төрүүлэхийг хүсэж байгаа бол хар, саарал, хөх зэрэг өнгөний сонголт зүгээр. 

4. Харилцааны байдалд анхаарал хандуулах.

Таны хүргэх гэсэн мессеж танай багийнханд 100 хувь ойлгомжтой хүрч чадаж байна уу? 

Сайн харилцааны нэг нууц нь тогтмол тэгээд сайн харилцаж байх явдал юм. Сайн харилцааг бий болгож чадвал ажилтнууд нэг зорилгын төлөө мэдээллээ бие биентэйгээ харамгүй хуваалцаж нэг баг болж ажиллах соёлыг бий болгодог. 

5. Ажилтнуудаа үгээр урамшуулж байх.

Хүмүүст хэрэгтэй үед нь талархаж буйгаа илэрхийлж байх нь ямар хүчтэй болохыг бид тэр бүр мэддэггүй. Ажлаа амжилттай дуусгасных нь төлөө "Баярлалаа", "сайн ажиллалаа" гэж хэлж байх нь ажилтнуудад их урам өгдөг. 

Таны удирдлага танд "сайн байлаа" гэж хэлэхэд ямар мэдрэмж төрдөгийг та мэдэж байгаа байх. Энэ үгийг сонссоноор урам зориг нэмэгдэх бөгөөд илүү сайн хийхийг хүсдэг тийм биз? Олны өмнө тэдний хичээл зүтгэлийг үнэлэх нь бүүр ч сайн нөлөөтэй байдаг байна. 

6. Ажлаа хөгжилтэй хийх орчин бүрдүүл.

Амжилттай компаниуд болох Фэйсбүүк болон Гүүглээс бид юу суралцаж болох вэ? Тэд ажлын газраа илүү хөгжилтэй орчин болгодог. Та магадгүй тэнд ажиллах ямар байдгийг мэдэхийг хүсэж байгаа байх. 

Хэрэв та хамт ажиллаж буй хүмүүстэйгээ хөгжилтэй, сайхан уур амьсгалтай, сэтгэл хангалуун байвал мэдээж тухайн байгууллагададаа тогтвортой ажиллахыг хүсэх нь гарцаагүй. 

Хэрэв ажилтнууд дулаан, сайхан уур амьсгалтай байхаас гадна хийж буй ажилдаа итгэдэг байвал тантай хамт уулыг нураахад ч бэлэн, урам зоригтой байх болно. 

7. Чадварлаг ажилтнуудаа хэрхэн тогтоож барихад суралц. 

Жил болгон олон, олон компаниуд чадварлаг ажилтнуудаа өрсөлдөгчиддөө алдаж байдаг. Чадварлаг ажилтан элсүүлж авна гэдэг мэдээж зардал өндөртэй. Хэрхэн тэднийг тогтоон барих вэ? 

  • Тэд цалин хангамж хэдийг авбал зохих ёсоор, шударгаар үнэлэгдэхээр байна? түүнийг нь өг. Болж өгвөл өрсөлдөгчдөө хэдийг өгч байгааг нь олж мэдэж дутахааргүй байлгахыг зорь. 
  • Сайн ажилтнууд үргэлж ямар нэгэн зүйлд өөрийгөө сорьж, дайчилж, шинийг суралцаж ажиллахыг хүсдэг тул түүнийг нь өг. Хэрэв тэд хангалттай сорилт авч чадахгүй гэж үзвэл цагаа дэмий үрэхгүй гээд гарах өргөдлөө өгч магадгүй л юм. Тэднийг олон зүйлд сургаж, шинэ даалгавар өгч байх бодлого барь. 
  • Ойлгомжтой алсын хараатай байх. Функциональ зохион байгуулалт тааруухан компаниудын хувьд ажилтнууд нь юуны төлөө явж байгаагаа төдийлөн сайн мэддэггүй. Чадварлаг ажилтнуудын хувьд тэд ажиллаж буй байгууллагадаа өөрсдийн хувь нэмрээ оруулж, өөрчлөлт хийж байна гэдгээ мэдэрч байхыг хүсдэг. Хэрэв тэд өөрсдийн оруулж буй хувь нэмрээ олж харахгүй бол тэднийг алдаж магадгүй тул энэ тал дээр анхаар. Компаний алсын хараагаа тодорхой байлга.

8. Таагүй ажилтнуудтай хэл амаа ололцох. 

  • Тэдэнтэй ганцаарчилсан уулзалт төлөвлөн яагаад сэтгэл дундуур байгааг нь олж мэдэхийг оролд. Тэдний сэтгэл дундуур байгаагийн үндэс, шалтгаан нь тэдэнтэй өөрсөдтэй нь холбоотой байна уу, эсвэл хийж буй ажилтай нь холбоотой байна уу гэдгийг олж мэдэх хэрэгтэй. 
  • Багийн бусад гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийн энэ талаар асуун, асуудлыг өөр өнцгөөс үнэлэх. Ингэхдээ тэднээс нээлттэй болон шууд асуултууд асуух.
  • Цуглуулсан мэдээллүүдээ үндэслэн ямар үйлдэл хийх талаар төлөвлөгөө боловсруул.  
  • Хэрэв тухайн асуудал хувийн шинж чанартай бол тухайн асуудлаа шийдэхэд нь туслах зөвлөгөө өг. Ажилтай холбоотой бол үнэлж үзээд хэрхэн шийдэх талаар шийдэл хайх хэрэгтэй.

9. Алдаагаа хүлээн зөвшөөрөх.

Ингэснээр таныг илүү сайн менежер болгоно. Жинхэнэ лидер хүн сул талаа үргэлж үнэнээр нь хүлээн зөвшөөрдөг. Ингэснээр бусадтай нь илүү ойртуулах бөгөөд багийнхаа гишүүдийн хүндлэлийг авснаар тэднийг танд илүү үнэнч болгоно. 

Алдаагаа хүлээн зөвшөөрснөөр таныг илүү хүчтэй болгоно. Та бусадтай л адил хүн болохоор алдаа гаргах үе байна. Хэдий тийм ч та шийдэл олон эсвэл багийнхнаасаа тусламж аван урагш явах учиртай. 

Алдаагаа нуух гэж бүү оролд. Таны буруу бол түүнийгээ үнэнээр нь хүлээн зөвшөөрөөд зөв шийдлээ хайгаад явах байдлаар өөрөө үлгэр үзүүлэх нь зөв байдаг.

10. Шинэ санаачилгад нээлттэй байх.

Багийн гишүүддээ ямар нэг зүйл хийх эрх, боломжийг нь аль болох нэмэгдүүл. Ажилтнуудаа шинэ санал, санаачилга гаргахад нь хүлээж авахдаа нээлттэй гэдгээ харуул. Ингэж чадвал тэд илүү нээлттэйгээр санал бодлоо илэрхийлж байх болно.